Усыг халдваргүйжүүлэх олон янзын аргуудаас хамгийн түгээмэл арга нь усыг хлорт нэгдлээр халдваргүйжүүлэх арга юм. Тухайлбал, өнөөг хүртэл хлороор ундны усан дахь эмгэг төрөгчдийг идэвхигүй болгон халдваргүйжүүлж ирсэн. Хлорын нэгдлүүд нь хүчтэй халдваргүйжүүлэгч бодист хамаардаг бөгөөд хурдан үйлчилгээтэй, өртөг хямд, урт хугацааны туршид өөрийн идэвхит чанараа хадгалж чаддагаараа бусад халдваргүйжүүлэгч бодисоос давуу талтай. Улаанбаатар хотын цэвэр усны дээд эх үүсвэр 1988 онд ашиглалтанд орсонтой холбоотойгоор “Завсарын” усан санг байгуулж хуурай хлороор ундны ус халдваргүйжүүлэх ажлыг хийж эхэлсэн байдаг. Гэхдээ хуурай хлороор халдваргүйжүүлэлт хийж байгаа нь тэнд ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангадаггүй, шингэн хлор нь тэсэрч ямар нэгэн байдлаар хий алдагдвал Улаанбаатар хотын хүн амын 30-40%-ийг нэг доор хордуулах нэн аюултай, хлор нь техник тоног төхөөрөмжүүдийн металл хэсгүүдийг гэмтээдэг /цахилгааны удирдлагын самбар гэх мэт/, хлорын тунг гараар тохируулдаг учраас тун хэмжээ алдагдах зэрэг сөрөг талуудтай. Харин хоолны давснаас ариутгалын уусмал гарган авах TOD технологи нь ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангадаг, түүхий эдийн олдоц сайн, Монгол орны цаг агаарын онцлогт тохирсон, ашиглалтын зардал бага зэрэг давуу талуудтай. Хоолны давсны уусмалыг электролизын урвалд оруулах замаар гарган авсан ариутгалын уусмалаар ундны усыг халдваргүйжүүлэх “ЦЭДУС” төслийн хүрээнд Ус сувгийн удирдах газар /УСУГ/ болон “Даблью Ди Ти” компанийн хооронд гэрээ байгуулан ажиллаж байна. Уг гэрээний дагуу электролизын төхөөрөмжийн үндсэн эд ангиудыг БНАСАУ-ын үйлдвэрлэл эрдэм шинжилгээний Кумхва группээс авч түүний мэргэжилтнүүдийн тусламж, зааварчлалын дагуу тус компанийн анхны бүтээгдэхүүн болох “Цэнгэг-1” төхөөрөмжийг Монголдоо угсарч “Завсрын” усан санд амжилттай суурилуулж технологи нутагшуулах ажлаа эхлүүлсэн. Бид завсрын усан санд ус халдваргүйжүүлэх шинэ технологийг амжилттай нутагшуулж “Цэнгэг-1С” төхөөрөмжийг суурилуулсан ба УСУГ-т тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч Улаанбаатар хотын бусад усан сангуудад энэ төхөөрөмжийг суурилуулахаар ажиллаж байна.

«Буцах